Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Тайм скуэр хотхон, 502-р байр
+976-7577-7777
+976-75779999

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг 2016 оны гуравдугаар сарын 24-ний энэ өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцууллаа.

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг 2016 оны гуравдугаар сарын 24-ний энэ өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцууллаа. Тайлангийн хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар тэргүүтэй удирдах албаны хүмүүс болон 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөлөл оролцсон юм. Өнгөрсөн 2015 онд эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 27.3 тэрбум төгрөгөөр, балансын алдагдал 23.7 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Мөн үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээ 0.68 нэгжээр, цахилгаан дамжуулалт түгээлтийн алдагдал 0.2 нэгжээр буурч, эрчим хүчний салбарын үр ашиг дээшилж, хуримтлагдсан өр төлбөрийг 24.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлын үзүүлэлт сайжирч, дотоодын цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэн, ОХУ-аас худалдаж авдаг цахилгааны хэмжээ 36 хувиар буураад байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын зардлын өсөлт 2014 онд өмнөх оны дүнгээс 14.5 хувь байсан бол 2015 онд 11.2 хувь болон буурсан үзүүлэлттэй гарчээ.

2013 оноос хойш үнэ тарифын зохистой зохицуулалт, дотоод хэмнэлт хийх, үрэлгэн зардлыг танах, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын менежментийг боловсронгуй болгож, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг хянах ажлуудыг эрчимжүүлснээр 2015 оны татварын дараах тайлангаар эрчим хүчний салбар 3 тэрбум гаруй төгрөгийн ашигтай гарсан байна. Мөн тарифын механизмыг шинэ шатанд гаргах аргачиллыг нэвтрүүлсэн нь эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадамжийг дээшлүүлж, хэрэглэгчид найдвартай эрчим хүчээр хангагдах нөхцлийг баталгаатай болгож чадлаа гэдгийг хурлын үеэр онцолж байлаа гэж Эрчим хүчний зохицуулах хорооны олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.